feawfaewgae

Хэвлэл Мэдээлэл

Interview on Talk With Me




Б.ХОНГОРЗУЛ: ТЭТГЭЛГЭЭР СУРНА ГЭСЭН ЗОРИЛГО ТАВЬЧИХААД ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ АЛХАМ БҮРТЭЭ ХИЧЭЭСЭН

11129747 858701100888488 330902961 n
Хүн бүрийн мөрөөдлийн жагсаалтад гадаадын их дээд сургуульд сурч мэдлэг боловсрол эзэмших хүсэл гарцаагүй байдаг гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Энэ удаа бид өөрийн хичээл зүтгэлээр мөрөөдлийнхөө төлөө тууштай ажиллаж чадсан хүмүүсийн нэг Б.Хонгорзултай ярилцлаа.
Тэрээр 15 нас хүрмэгцээ тэтгэлэгт хамрагдаж гадаадын томоохон их сургуульд суралцах хүсэл тээж түүнийхээ төлөө хэлний мэдлэгээ ахиулж, ажлын туршлага хуримтлуулж эхэлсэн гэдэг. Б.Хонгорзул бол Монголын “сор” болох сэхээтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл агаад олон арван бүсгүйчүүд, залуучууд түүнээс үлгэр дууриалал авна гэдэгт итгэлтэй байна.
Ингээд хүн хүсч, тэмцэж, хүрч чаддагийн жишээ болсон тууштай, дайчин эмэгтэйн ярилцлагыг хүргэе.
-Та АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж Монголдоо ирээд жил болох гэж байна. Тэнд та Олон улсын харилцаа, хууль эрхзүйн сургуульд магистрийн зэргээ хамгаалсан гэдэг. Энэ талаар яриагаа эхэлье?
-Юуны түрүүнд намайг энэхүү ярилцлагын буландаа урьсан танд баярлалаа. Би 2012 оны намар АНУ-ын Засгийн Газрын Фүлбрайт тэтгэлгээр Бостон хотын Тафтс их сургуульд суралцахаар явсан. Тэнд олон улсын харилцаа, эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж төгсөөд өнгөрсөн зун эх орондоо ирсэн юм.
-Та 15 настай байхдаа гадаадад суралцахыг хүсч АНУ-ын Засгийн газрын энэ тэтгэлгийг судалж эхэлсэн гэдэг. Үүнд хэрхэн бэлдэж байсан бэ?
-Би өсвөр насанд хүрээд л ирээдүйгээ бодож, төлөвлөж эхэлсэн. Тэр үеэс л гадагшаа явж сурна гэсэн зорилготой байсан хэдий ч ээж аав хоёр маань миний зардлыг даагаад сургаж чадахгүйг мэдэж байсан учраас бусад боломжийг хайж эхэлсэн юм. Унаган англи хэлтэй байсан учраас мэдээлэл өөрөө хайхад дөхөм байсан. Тэр үед л хөгжилтэй орнуудын засгийн газрын тэтгэлгүүд янз бүрээрээ байдгийг олж мэдсэний нэг нь Фүлбрайтын тэтгэлэг. Тэтгэлэгт хамрагдахын тулд юу шаардлагатай байдаг нь олон нийтэд нээлттэй байдаг учраас түүний дагуу л өөрийгөө бэлдсэн юм. Өөрийгөө гэж хэлж байгаагийн учир нь Фүлбрайт өөрөө магистрын түвшинд л олгодог тэтгэлэг учраас эхний ээлжинд 10 жилээ амжилттай төгсөх, дараа нь их сургуульдаа тэнцэж, бас сайн дүнтэй төгсөх, ажлын туршлага хуримтлуулах гэх зэрэг олон үе шат миний өмнө байсан. Тэгэхээр битүүхэндээ өөртөө магистртаа тэтгэлгээр сурна гэсэн зорилго тавьчихаад түүнийхээ төлөө алхам бүртээ хичээсэн шүү.
-Их нэр төртэй тэтгэлэг. Тэгэхээр энэ тэтгэлэгт хамрагдахад бакалаврын диплом, ажлын туршлага зэрэг хэрэг болно гэж хэллээ. Энэ туршлагыг хэрхэн хаана эзэмшсэн бэ?
-Би аравдугаар ангиа төгсөөд конкурс өгсөн. Тухайн үед одоогийнх шиг биш. Сургуулиа сонгоод шалгалтаа өгдөг байсан юм. МУИС-ийн гурван сургуульд шалгалт өгч, хоёрт нь тэнцсэний нэг нь Олон Улсын Харилцааны Сургууль байсан ба тус сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцаа мэргэжлээр дүүргэсэн. Их сургуульд байхдаа Азийн санд дадлага хийж, төгсөөд Японд 2-3 жил ажилласан юм. Энэ л туршлага болсон доо.
-МУИС-ийн Олон улсын харилцааны чиглэлээр сурахаар элсэн орсон ч тэр жилдээ сураагүй гэдэг. Энэ нь гадаадад сурах мөрөөдөлтэй нь холбоотой байв уу?
-Тэгж бас хэлж болно. Аравдугаар ангиа төгсөх жил гэрийнхэн маань Германд байсан юм. Намайг дунд сургуулиа онц төгсөж, өөрөө их сургуульд тэнцсэнийг шагнаад зуны амралтыг Германдөнгөрүүлэх “эрх” олгосон юм. Зуны амралт дуусах дөхөөд ирэнгүүт би “яагаад ч юм” Монгол руугаа буцмааргүй санагдсан. Тэгээд ээж аавтайгаа ярьж байгаад, хоёр дахь эх орон болсон Лондон руу явах шийдвэр гаргаад, хэлний курст бүртгүүлж Лондон явсан. Одоо бодоход их л зоригтой бас нөгөөтэйгүүр гэнэн байж. Хүүхэд байсан учраас эрсдэл гэдгийг мэдэхгүй, алдаж онохоос айхгүй явж дээ. /инээв/ Хүний газар гав ганцаараа, 17 настай, мөнгөний боломж муутай ч “болнодоо” л гэсэн сэтгэлээр явж байсан. Харин энэ үед надад итгээд “дураар минь” явуулж байсан ээж аав хоёртоо их баярладаг юм. Ганцаараа өнгөрүүлсэн нэг жил надад их юм сургасан.Тэрний ачаар би хэзээ ч, хаана ч очсон өөрийгөө аваад явчих чадвартай болсон. Бас Лондонд очиход тусалж байсан сайхан сэтгэлт хүмүүс бий. Тэдэнд маш их талархаж явдаг.
-Хэдий нэг жил алдсан ч эргэн ирж сураад Япон руу солилцооны оюутнаар явсан гэдэг?
-Тэр харин маш санаандгүй тохиолдлоор тийм боломж гарсан шүү. МУИС болон Акитагийн Олон Улсын Их Сургууль хоорондын солилцооны хөтөлбөрөөр Японы Акита хотод нэг жил суралцсан. Тус сургуульд бүх хичээл англиар ордог байсан учраас их амар байсан санагдаж байна. Энэ үед л би гадаадын их сургуулийн орчин, боловсролын систем ямар байдгийг анх удаа өөрийн биеэр мэдэрч, магистртаа гадаадад сурах хүсэл улам бүр оргилсон. Мөн Япон хэлийг хирагана, катагана-гаас нь эхэлж сурахын хажуугаар түүх, соёлтой нь танилцаж, Японоор хөндлөн гулд аялж олон сайхан дурсамжтай өнгөрүүлсэн юм. Тэр үед хамт явсан 4 монгол охид одоо миний хамгийн сайн найз нар болж чадсан.
-Та Японоос гадна Лондонд амьдарч байсан түүхтэй. Энэ үедээ эцэг эхтэйгээ болон ганцаараа бие даан амьдарч байсан уу?
-Манай ээж аав хоёулаа монгол хэлний багш, монгол хэл соёл судлаач хүмүүс. Анх 1991 онд аав Лондонгийн Их сургуульд багшлахаар болж бид гэрээрээ явсан. Тэр үед бага сургуульд сурч, ээж аавынхаа буянаар унаган англи хэлтэй болсон. Сүүлд 2008 онд мөн адил аав маань Токиогийн Гадаад хэлний дээд сургуульд багшлахаар явж бид гэр бүлээрээ тэнд гурван жил амьдарсан юм. Хүү маань Японд төрсөн. Бидний хувьд хоёр гурав дахь эх орон шиг буянаа өгсөн сайхан газар даа.
-Эх орондоо бус гадаадад амьдрахад бэрхшээлтэй зүйлүүд мэдээж цөөнгүй байдаг байх. Хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулж байв?
-Ер нь шулуухан хэлэхэд мөнгө гэдэг хүчтэй зүйл шүү дээ. Дэлхийн хаана ч байсан мөнгөтэй л байвал өвчнөөс бусад ямар ч асуудал, бэрхшээлийг шийдэж чадна. Үүнийг жишээгээр тайлбарлая л даа. Аравдугаар ангиа төгсөөд Лондон явахад надад 200 хүрэхгүй евро байсан. Энэ мөнгийг очоод ажил олтлоо өөрийгөө болгоорой гэж аав минь өгсөн юм. Ажилд орж өөрийн байр түрээсэлтлээ би хоёр сар ээж аавынхаа найз нарын шал, диван дээр унтаж хоног өдрийг өнгөрөөнө. Гадаадад байхад хамгийн үнэтэй бөгөөд хэцүү зүйл нь орон сууц байдаг. Түрээс маш өндөр. Хэрэв би мөнгөтэй байсан бол асуудалгүй тэр дороо байр олоод л амьдрах байсан. Дараагийн жишээ нь би Японд оюутан солилцоогоор сурахад бид нарын бүх байр хоолны мөнгийг даагаад хармааны мөнгөө өөрсдөө гаргаарай гэсэн юм. Тэр үед би найзуудтайгаа Токиод очиж үзмээр санагдаад Японы хойд зүгээс Токио хүртэл 6 вагон дамжиж 14 цаг явж байж хүрч билээ.
Мөнгө муутай байсан учраас байж болох хамгийн хямдхан галт тэрэгний билетийг авч тийм удаан явж очсон юм. Хэрвээ мөнгөтэй байсан бол хурдан галт тэрэг юмуу онгоцоор л очих байсан. /инээв/ Сүүлд Америкт сурч байхад сарын стипэнд авдаг байсан ч тэр нь хүүхдийн цэцэрлэгийн мөнгөнд хүрэлцэхгүй бага зэрэг хүндрэлтэй байлаа. Тиймээс би хүүгээ өөрөө харж амжихгүй болоод нэг нас нэмээд сургуульд өгсөн дөө. Хэрэв би мөнгөтэй байсан бол өдөр өнжүүлэх цэцэрлэгт өгөөд, хичээл, арга хэмжээтэй үедээ хүний гар харалгүйгээр болчих байсан санагддаг. Тиймээс ер нь мөнгөтэй л байвал бэрхшээл багасана. Гэхдээ эдгээр болон бусад тохиолдлуудыг би бэрхшээл гэхээс илүүтэйгээр амьдралын дурсамжтай үеүд гэж боддог. Тухайн үед нь зохицоод л явдаг. Бас хэлгүй байхын бэрхшээл байдаг нь ажиглагддаг. Тиймээс хүмүүсийг гадагшаа явах гэж байгаа бол хэлээ сайн сураарай. Тэгвэл бусдын гарыг харахгүй бага зовно шүү гэж хэлмээр байна.
-ГАДААД ХЭЛИЙГ ОРЧИНД НЬ СУРАХ ШИГ ХЯЛБАР ЗҮЙЛ ҮГҮЙ-
11216361 858701084221823 1847731516 n

-Залуу хүн гэхэд та боловсрол мэдлэг, үзэж сурсан зүйл их юм. Хэдэн орны хэл эзэмшсэн бэ?
-Англи хэлийг багадаа сурсан гэж түрүүн хэлсэн. Дараа нь нэгдүгээр сургуульд байхад орос хэл хөтөлбөрийн дагуу ордог байсан юм. Дөрвөн жил Радуга сурах бичиг үзээд уул нь Орос хэл минь нэлээд болж байсан ч хэрэглэхгүй байсаар одоо бараг мартсан байна. Их сургуульд Герман хэлний анги байсан учир хоёр жил Герман хэл үзээд бас нэлээд зүгшиж байтал Япон яваад мартагнаж эхэлсэн. Ер нь хэл гэдэг хичнээн хичээж дэвтэр ном шагайсан ч, тухайн орчинд нь сурах шиг хялбар бөгөөд хурдан арга байхгүй. Орчинд нь байхад аяндаа хүмүүсийн хөдөлгөөн, зан үйлээс шинэ хэлц хэллэгийг маш хурдан сурдаг. Нөгөөтэйгүүр өөр өөр хэл сураад ирэхээр бас өөрийн гэсэн хэл сурах арга барилтай болдог юм байна лээ. Зарим хэлний үг, утга, өгүүлбэрийн бүтэц ойролцоо. Жишээлбэл дүрмийн хувьд Орос, Герман хэл хоорондоо адилхан хүйсээр хувирдаг. Харин Монгол, Япон хэл дүрмээрээ адилхан учраас үг ханз хоёрыг сайн цээжилбэл сурахад амархан.
-Гадаадад сурч, ажиллаад ирсэн хүмүүс Монголдоо ирээд сэтгэл дундуур байгаагаа ярьдаг. Тэд нийгмийн соёлгүй байгааг ихэд шүүмжилдэг. Таны хувьд ямар нүдээр харж байв?
-Ер нь би 2008 оноос хойш монголдоо удаан хугацаанд суурин байгаагүй. Гэхдээ амралтаараа ирж очиж байсан учраас нийгмээсээ нэг их хөндлөн төсөөрчихөөгүй. /инээв/ Харин жил болчихоод ирэхээр шинэ барилга байшин, бар үйлчилгээний газар их нэмэгдээд байгаа нь ажиглагддаг. Миний бодлоор нэг үеэ бодвол хүмүүсийн харилцаа, ялангуяа үйлчилгээний газрын харилцааны соёл сайжраад байх шиг санагддаг. Гэхдээ уур хүрч бухимдмаар үе бас бий. Тэгсэн ч аль болох өөрийгөө зовоохгүйг л хичээдэг. Ялангуяа жолоо барьж байхад Монголчуудын маань түрэмгий, тэвчээргүй, дүрэм дагадаггүй занг бол их мэдэрч байгаа. Тэгээд л дунд нь ороод адилхан үзэлцэнэ шүү дээ. (инээв)
-Ажлын туршлагаасаа хуваалцаач. Хаана ямар ямар газар ажиллаж байв?
-Цагийн ажил бол төрөл төрлөөр нь л хийж байсан. Зөөгчөөс эхлээд Үндэсний Телевизийн MMToday мэдээний нэвтрүүлгийн хөтлөгч хүртэл хийж үзсэн. Японд байхдаа хүний нөөцийн компанид, Монголд Монголын Эдийн Засгийн Форум ТББ-д, Сингапурт Олон Талт Хөрөнгө Оруулалтыг Баталгаажуулагч Агентлагт (Дэлхийн Банкны харьяа байгууллага) тус тус ажиллаж байсан юм. Харин одоо бол “Брейктрүү” гэх олон нийтийн харилцаа, маркетингийн компанид ажиллаж байна. Харьцангуй шинэ нөхцөл байдалд хөрвөх чадвар их сайн шүү. (инээв)
-Танд дэлхийн том байгууллагад ажиллах боломж байсан ч Монголдоо үлдсэн байна. Ямар нэгэн шалтгаан байгаа болов уу?
-Америкт үлдэх үү байх уу гэж хэсэг эргэлзсэн л дээ. Энэ үедээ их олон хүнтэй ярилцаж, зөвлөлдсөн. Америкт хамт сурч байсан найз маань хүний нутагт гууль болж байснаас эх орондоо очиж алт нь бол гэв. Харин ихэнх хүмүүс битгий ир, наанаа үлд, энд хямрал болоод амьдрал хэцүү байна гэх мэт зөвлөгөө өгч байсан. Гэхдээ сайн бодоод үзэхээр нэгэнт л Монголдоо амьдрах юм бол эртхэн хариад хөлөө олж байсан нь дээр санагдсан юм. Гадаадад удах тусам төсөөрч, хүмүүс ч чамайг танихаа байна. Аав маань одоо үед карьер хийх хугацаа маш богиноссон, ялангуяа эмэгтэй хүмүүст, тэгээд хэдий болтол ингэж нүүдлийн байдалтай амьдрах вэ. Хариад төвхөнөсөн нь дээр байх гэж зөвлөсөн. Нөгөөтэйгүүр гэртээ буцаж харих хувийн шалтгаан байсан учир тэрхэн үед нэг их эргэлзэлгүй гэрийн зүг мордсон доо. Яг ирсэний дараах нэг сар бол бас сэтгэлзүйн хувьд хэцүү байсан шүү. Харин одоо бол эх орондоо ирсэндээ их сэтгэл хангалуун байгаа.
- ХҮМҮҮС ЭМЭГТЭЙ ХҮНИЙ АМЖИЛТЫГ ХЭН НЭГЭН ЭРЭГТЭЙ ХҮНТЭЙ ХОЛБОЖ ЯРЬДАГ-
11198997 858701080888490 1290501923 n
-Та блог болон цахим хуудсаараа дамжуулж үзэл бодлоо нээлттэй, тууштай илэрхийлдэг. Тэр дунд эмэгтэйчүүдийн амжилтын тухай нийтлэл их сонирхол татсан. Гэхдээ бодит амьдрал дээр эмэгтэйчүүдийг бодвол эрэгтэйчүүд нийгэмд эзлэх байр суурь нь дээгүүр байдаг. Таны бодлоор үүний шалтгаан нь юу вэ?
-Энэ бол хүн төрөлхтний гарал үүсэл, шашин шүтлэгтэй л их холбоотой болов уу. Анх хүн үүсээд эр нь анд явж гэр бүлээ тэжээж, эм нь хүүхдээ өсгөж гэр орноо цэвэрлэдэг байсан тэр л жам ёсны дагуу. Харин сүүлийн зуун жилд эмэгтэй хүмүүс их идэвхтэй тэмцэж, одоо тэр шилэн таазыг (англиар glass ceiling гэж нэрлээд байгаа) хагалах хөдөлгөөн дэлхий даяар өрнөж байна. Мэдээж богинохон хугацааны турш шийдэгдэх асуудал биш л дээ. Энд аль болох эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийг дэмжихийн зэрэгцээ бас эрэгтэй хүмүүсийг энэ хөдөлгөөнд оролцуулах хэрэгтэй. Энэ тухай Шерил Сендберг ном гаргасан нь саяхан Монгол хэлнээ орчуулагдсан байна лээ.
Ер нь эмэгтэй хүмүүс аливаа ажлыг хийхдээ эр хүний хийх ажил. Би хийж чадахгүй байх гэж өөрийгөө голж болохгүй. Мөн цалингийн хувьд эрэгтэй хүнтэй адилхан цагаар, адилхан нөхцөлд, адилхан бүтээмжтэй ажиллаж байвал адилхан цалин авна гэж зоригтой дуугарч чаддаг байх хэрэгтэй. Иймэрхүү жижиг зүйлээс л эхэлж нийгэм нь аяндаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийг адилхан харж харьцаж эхлэх болов уу. Би өөрөө ч энэ тал дээр хатуу тэмцдэг, бусдыг уриалдаг.
-Ер нь амжилтанд хүрэхэд хүйсийн ялгаа хамаатай юу?
-Одоо цагт бол хамаагүй л байх ёстой. Бид чинь зарим орныг бодвол ардчилсан улс. Бүх юм нээлттэй байна. Өөрийгөө л голж, хязгаарлахгүй бол амжилт хүн бүхэнд нээлттэй. Эр эм, хар цагаан, гарал угсаа ер хамаагүй. Гол нь өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр хэрэгтэй. Миний мэдэх маш олон эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийн хийж чадахгүйг хийж явна. Ажиглаад байхад Монголын маш олон эмэгтэйчүүд ар гэрээ авч явж байгаа харагддаг.
Түүнээс гадна олон эмэгтэй хүмүүс Монголын бизнес, боловсрол, анагаахын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тэгэхээр болохгүй гэсэн юм байхгүй. Нэг хэцүү юм нь эмэгтэй хүн жоохон амжилт гаргаад ирэхээр түүний цаана хэн нэгэн эрэгтэй хүн нуугдаад, дэмжээд байгаа юм шиг нийгэм ярьдаг. Ийм тохиодолд бусдын ярихыг битгий тоо, хүмүүсийн юу гэж ярих огт хамаагүй шүү гэж хэлмээр байна.
-МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БАЙХ ХАРИН Ч МАШ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ-
11225547 858701087555156 312623503 n
-Ярилцлагаа хүмүүсийн таниас асууж, зөвлөгөө авахыг хүсдэг хэдэн асуултаар үргэлжүүлье гэж бодож байна. Таны блогт АНУ-ын Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэгээр суралцаж байсан хүний хувьд энэ чиглэлээр зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс их ханддаг юм билээ. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Өгч болох зөвлөгөөгөө блогтоо хангалттай дэлгэрэнгүй бичсэн гэж бодож байна. Хүн хүний нөхцөл байдал, түүх намтар өөр учраас ерөнхий юм ярихаас тус бүрчлэн ингэ тэг гэж би заах боломжгүй. Тэгээд ч би өөрийгөө бас азтай хүн л гэж боддог.
-Тэтгэлэгт хамрагдахад хамгийн гол анхаарах ёстой зүйл юу вэ?
-Өөрийн гэсэн хийсэн юмтай, үзэл бодолтой, ярих түүхтэй, ирээдүйгээ харсан зорилготой, эргэж ирээд ажиллаж, эх орондоо хувь нэмрээ оруулах төлөвлөгөөтэй байхыг л чухалчилж хардаг болов уу.
-Тэтгэлэгт хамрагдахад мэдээж Англи хэл чухал. Өөрөө яаж хэл сурч байсан IELTS, IBT Toefl-д бэлдэж байв. Туршлагаасаа хуваалцаач?
-9 наснаасаа хойш би зөвхөн зурагт үзэж, ном уншиж, дүүтэйгээ ярьж байсны ачаар унаган англи хэлээ хадгалсан учир TOEFL өгөх хэмжээний байгаагүй. TOEFL-ийн сургалтанд хамрагдах гэтэл бас нэлээд үнэтэй байсан. Тиймээс болиод CD-тэй сурах бичиг аваад өөрөө гэрээрээ бэлдсэн. Ер нь өөрийгөө дайчлаад дахин дахин бэлдэхэд тийм ч хэцүү биш. Энэ дашрамд хэлэхэд хүмүүс TOEFL гайгүй өгчихвөл гадагшаа яваад сурчихна гэж бодоод байдаг. Тэр бол маш буруу ойлголт. Хэрэв тийм байсан бол яагаад Англи, Америк, Австрали, Филиппины ард иргэд бүгд дээд боловсрол эзэмшиж чаддаггүй, сургуульд тэнцдэггүй юм бол. Бас бодоод үзээрэй. Хэлнээс гадна маш олон хүчин зүйл бий.
-Ер нь манай монголын залууст гадаадад суралцах боломж хэр нээлттэй байгаа вэ?
-Зарим залуус Монголд төрснийгөө их муу зүйл гэж бодоод байх шиг санагддаг. Энэ бол тийм биш. Монгол иргэн байх харин ч маш олон давуу талтай. Наад зах нь “хөгжиж буй орон” гээд хөгжилтэй орнуудын засгийн газрын тэтгэлгүүд төрөл төрлөөрөө байна. Дээрээс нь бид гуравхан саяулаа. Хятад, Энэтхэг шиг тэрбум хүн дунд өрсөлдөж тэднээс ялгарах гэж тэмцэх зовлон байхгүй. Жишээлбэл Фүлбрайт нэг жилд Монголоос 2, Хятадаас 4 хүн авдаг байлаа гэж бодъё. Тэгвэл монголд 100 гаруй хүн материал өгч чи тэнцэх магадлал 50 хүнд 1 байна гэсэн үг. Гэтэл Хятадад 10000 хүн материал өгч чи тэнцэх магадлал 2500:1. Энэ ялгааг сайн ойлгож давуу талаа ашиглах хэрэгтэй.
-Та эцэг эхчүүдэд хүүхдээ аль сургуульд өгч болох вэ гэж нэлээд дэлгэрэнгүй зөвлөгөө өгсөн байна лээ?
-Монголчууд маань ам дамжсан ярианд үндэслэж маш чухал шийдвэрүүдийг гаргадаг. Учир нь шийдвэр гаргахад хэрэгтэй тэр мэдээлэл нь тийм ч хүртээмжтэй биш. Хүүхдийн сургууль ч ялгаагүй. Тиймээс ийм чухал асуудалд нухацтай, бодитой тоо мэдээлэлд хандаж шийдээсэй гэж хүссэн юм. Зөвлөгөө гэхээсээ илүү мэдээлэл юм даа.
-Та өөрийн мэддэг зүйлээ бусадтай их нээлттэй хуваалцах юм. Гэтэл зарим хүмүүс мэдлэгээ гадагшлуулж чаддаггүй тал бий. Таны хувьд энэ нь “Бид амьдралаас авсан зүйлээ эргүүлж өгөх ёстой” гэх үзэл бодолтой чинь холбоотой юу?
-Тийм тал бий. Миний блог эхлүүлсэн шалтгаан нь өөрийн сурсан мэдсэнээ хуваалцаж, монгол хэлээр байдаггүй мэдээллийг олон нийтэд хүргэж аль болох хүмүүс өөрийгөө хөгжүүлээсэй гэсэн хүсэлтэй маань холбоотой. Тухайлбал Монголчуудад зөндөө боломж байгаа хэдий ч гадаад хэлний бэрхшээлээс болж мэдээллийг бүрэн гүйцэд авч чадахгүй байгаа санагддаг. Харин хэлтэй хүмүүс нь сэм сэмхэн өөрсдийгөө болгоод яваад байдаг.
Мөн би өөрөө сэтгүүлзүйн салбарын зах зухаас амталсан учраас бодит тоо баримт, судалгаатай, орчуулгын биш, бусдын тусын тулд бичсэн мэдээлэл ховор байдгийг сайн мэднэ. Дээрээс нь би хүмүүст туслах хүсэл их байв ч тэр болгон хүмүүстэй уулзаад яриад явж чадахгүй. Харин блогныхоо ачаар би нэг зэрэг олон хүмүүст хэлэх гэсэн үгээ хэлж, түгээх гэсэн мэдээллээ өөрийн хүссэнээр түгээх боломжтой болсон. Ер нь сүүлийн үед бодитой, бусдад хэрэгтэй, үнэн зөв мэдээлэл хэр хүчтэй болохыг, хэр дутагдаад байгааг мэдрээд байгаа.
- СЭТГЭЛ СЭВГҮЙ БОЛ СҮҮДЭР МУРИЙГҮЙ-
11186237 858701110888487 1088634878 n
-Та бол эх хүн. Монгол ээжийн хувиар хүүхдийнхээ ирээдүйн боловсролд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Би өөрийн хэмжээнд чадах бүхнээ л хийж байгаа гэж боддог. Гэхдээ энэ нь сайн гэсэн хамгийн үнэтэй сургуульд өгнө гэсэн үг биш. Тухайлбал би Америкт сурах үедээ ээж аавдаа найдаад хүүгээ үлдээгээд явж болох байсан. Гэхдээ надад хүүгээ тийм сайхан орчинд сургах боломж дахиж хэзээ ч олдоо билээ гэж бодоод өөрт хэчнээн ачаалал ихэсч, завгүй байсан ч гэсэн өөр дээрээ авч хоёулаа зэрэг сурч байсан. Тэрний ачаар хүү минь одоо англиар нэлээд сайн дуудлагатай ярьж, ойлгохын хажуугаар сэтгэлгээ нь бас хөгжсөн. Одоо гэрийн ойролцоо нэг хувийн сургуульд сурч байгаа.
Би хувьдаа бага ангийн багш нь л сайн байвал аль сургуульд сурах нь чухал биш гэж боддог. Сая сая төгрөг зараад сайн сургуульд муу багшийн гараар хүмүүжвэл тэрнээс муу үр дагавар гарна. Тиймээс үнэтэй сургуулиудад нэг их ач холбогдол өгдөггүй. Харин ажил ихтэй үед даалгаврыг нь хийлгэж амжихгүй өөрийн ээждээ зэмлүүлж л яваа эх хүн дээ (инээв).
-Мэдлэг боловсрол бол хүний хамгийн том баялаг гэдэг. Гэхдээ амьдралд хамгийн чухал зүйлсийг эрэмбэлвэл та юу юуг чухалд тооцож нэрлэх вэ?
-Би эрүүл мэнд гэж хэлнэ. Хамгаас хайртай өвөөгөө залуу байхад нь өвчнөөр алдаж, өөрөө үхэх шахаад босч ирсэн учраас эрүүл амьд явахын үнэ цэнийг яс махандаа тултал мэдэрсэн юм. Өвчтэй босч чадахгүй орондоо хэвтэж байгаа хүнд ганц л зорилго байдаг. Тэр нь хөл дээрээ дахин босох. Хүн эрүүл л байвал өөр бусад юуг ч бүтээж чадна. Харин эсрэгээрээ хэчнээн мөнгөтэй байгаад биегүй бол эрүүл хүмүүс чамаас баян харагдана. Тэгээд эрүүл мэндийн дараа гэр бүл орно доо. Миний амьдралын утга учир миний гэр бүл учраас тэдний төлөө л амьдардаг.
-Таны цаашдын зорилго юу вэ? Хамгийн эрхэм буюу хамгийн том мөрөөдөл?
-Бодсон юмнууд бий. Ярьж биш хийж л харуулъя. /инээв/
-Танд бусдад хэлэхийг хүсдэг үг байдаг байх. Энэ нь таны хэлэх дуртай үг байж болох юм. Үүгээр ярилцлагаа өндөрлөе?
“Сэтгэл сэвгүй бол сүүдэр мурийгүй” гэж сайхан үг анх аав маань надад хэлж байсан. Энэ нь хүнд муу санахгүй, ажлаа сэтгэлээсээ сайн хийгээд, бусдад тус хүргээд явж байвал аяндаа сайн үйлс чамайг дагаж, зам чинь дардан байна гэсэн утгатай юм. Ингээд цаг зав гаргаж ярилцлага авсан танд баярлалаа. Танай ажлын хамт олонд амжилт хүсье!
-Танд бас амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
П.Мөнхжаргал
11121130 858701064221825 1514254075 n

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
static_page
Khongorzul Bat-Ireedui: Хэвлэл Мэдээлэл
Хэвлэл Мэдээлэл
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/p/blog-page_24.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/p/blog-page_24.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy