feawfaewgae

Ажлын ярилцлагын туршлагаа хуваалцъя

Ажилд уригдаж (англиар headhunted ) эсвэл арын хаалгаар ороогүй л бол хүн бүр шинээр ажилд орохын тулд ихэвчлэн ярилцлага өгдөг жур...



Ажилд уригдаж (англиар headhunted) эсвэл арын хаалгаар ороогүй л бол хүн бүр шинээр ажилд орохын тулд ихэвчлэн ярилцлага өгдөг журамтай. Хүний нөөцийн ажилтнуудын ур чадвар, мэдлэг туршлага сайжирснаар Монголд ажлын ярилцлагад орох нь жирийн нэг ярилцлага байхаа больсон түүх нилээн хэдийг сонссон. Зарим албан байгууллагууд бүр хэд хэдэн шат дамжлагаар ажилтнуудаа авдаг гэх.

Миний хувьд би Монголдоо олон байгууллагад ажилласан хэдий ч ихэвчлэн ярилцлагагүйгээр ажлын санал авч ажиллаж байсан юм байна. Гэхдээ тэдгээр ажилд орохоос өмнө болон гарсны дараа ажил хайх хугацаандаа хоёр газар ярилцлага өгч байсан. Хамгийн сүүлд би ярилцлагад дуудагдахдаа юу ярьж, юу асуух бол гэж нилээн санаа зовж, яаж бэлдэх учраа олоогүй. Тэр үед бусдын туршлагаас мэдэж, түүн дээр суурилан бэлдвэл хэрэгтэй юм байна гэж бодсоны үндсэн дээр энэхүү нийтлэлийг бичиж байна. Ингээд өөрийн туршлагаа хуваалцъя.

Туршлага 1.
Анх би 2011 онд Оюу Толгой компанид “Аялал хариуцсан ажилтан” гэсэн нэртэй албан тушаал нээлттэй зарлагдсаныг сонин дээрээс олж, сонирхоод цаасан анкет бөглөж өгч байсан. Анкет өгснөөс нэг сарын дотор намайг ярилцлагад дуудсан. Би өөрөө Японд хүний нөөцийн компанид ажиллаж байсан болохоор ерөнхийдөө бэлтгэлтэй, албаны хувцсаа өмсөөд, CV-гээ хэвлээд яваад очсон. Оюу Толгойн төв оффис нь хотын хамгийн гоё оффисуудын тоонд ордог байх. Би цагаасаа арай эрт очиход миний өмнөх хүн дуусаагүй байв. Миний ээлж болж, ярилцлагын өрөө рүү очиход бүх хана нь шилэн өрөөн дотор гурван эмэгтэй сууж байна. Эхлээд өөрийгөө танилцуулахыг хүсэв. Дараа нь яагаад Оюу Толгойд ажилламаар байгаа, өөрийн давуу болон сул тал, өмнө нь хаана ямар ажил хийж байсан талаар монголоор асууж байснаа гэнэт англиар асуулт тавьж эхэллээ. Багаар хэр ажилладаг тухай, хэр тууштай ажиллах гэх мэт асуулт асуусан санагдаж байна. Ярилцлага нийт 15-20 минут үргэлжлэв.
Эхний ярилцлага өгснөөс хоёр долоо хоногийн дотор утас дугарав. “Оюу Толгойн хүний нөөцөөс ярьж байна. Та аялал хариуцсан ажилтан албан тушаалд анкет өгч, ярилцлагад орсон юм байна. Гэхдээ та өмнө нь хүний нөөцөөр ажиллаж байсан туршлагатайг хараад хүний нөөцийн албандаа таныг ажиллуулах сонирхолтой байгаа тул сонирхвол дахин ирж ярилцлага өгнө үү” гэв. Би ч ажилтай болохыг хүсч байсан болохоор за гээд хэлсэн хугацаанд нь яваад очлоо. Ахиад л нөгөө шилэн өрөө. Энэ удаа ярилцлага авахаар гурван хүн байсан боловч өмнөхөөс хоёр нь солигдсон байв. Асуултууд нь арай өөрөөр асуугдаж хүний нөөцийн ажилтай холбоотой болж эхлэв. Өмнө нь хаана ажиллаж байсан, хүний нөөцийн ямар ажил хийж байсан, Оюу Толгойн талаар юу мэддэг гэх мэт. Олон ч жилийн өмнө байсан болохоор асуултуудыг яг нарийн санахгүй байна. За тэгээд дуусаад болчих юм бодсон чинь “Ярилцлага өгсөнд баярлалаа, та энэ шатанд тэнцвэл дараагийн шатны ярилцлагад дуудна” гэв.
Гурав хоногийн дараа хүний нөөцөөс ярьж, “Өмнөх ярилцлагад тэнцсэнд баяр хүргэе. Та манай дараагийн шатны ярилцлагад ирэх боломжтой юу?” гэж байна. Би ч сүүлдээ залхаж, орохгүй байсан ч яахав дээ гэж бодож эхлэв. Хамгийн гол нь би цалингийн хэмжээг мэдэхийг хүсч байсан боловч эцсийн мөч хүртэл явахгүй бол цалингийн тоог хэлэхгүй байв. Ингээд гурав дахь удаагаа Оюу Толгойн оффис дээр очлоо. Нөгөө л шилэн өрөө. Харин энэ удаа сүүлд байсан гурван хүний нэг нь л солигдсон байв. Нэг нь залуухан, анх намайг ярилцлагад дуудсан, хамаг бичиг цаасны ажлаа хийдэг бололтой надтай нас ойролцоо нэг охин. Нэг нь хүний нөөцийн дарга бололтой, нас намба суусан ээжийн үеийн англи, орос, монголоор ус цас ярьдаг эмэгтэй, нөгөөх нь ярилцлага авсаар байгаад залхсан бололтой дундаж насны эмэгтэй байв. Энэ удаагийн ярилцлага нь өмнөхөөс товчхон байсан. Надаас хэд хэдэн асуулт асуучихаад намайг асуух асуулт байна уу гэв. Би ч толгойд орсноор нь орвол хэзээнээс эхлэх вэ, хэдэн хүнтэй алба вэ гэх мэт ойр зуурын юм асуулаа. Энэ бүхний дараа л нэг юм “Хэрэв тэнцвэл чамд тэдэн төгрөгний цалин, дээр нь хоол унааны мөнгө өгнө” гэдгийг сонсов.
Ярилцлага дуусаад маргааш нь тэнцсэн хариугаа сонсоход “удалгүй орох эсэхээ хэлээрэй” гэлээ. Тэр урт замыг туулсны дараа тэнцсэн гэх хариу сонсох мэдээж сайхан байлаа. Дөнгөж монголд ирээд ажил хайж байсан надад цалин нь ч боломжийн сонсогдож байв. Гэхдээ үүний хажуугаар надад өөр нэгэн ажлын санал ирсэн байсан бөгөөд цалин нь ОТ-н цалингийн талд ч хүрэхгүй байсан ч ирээдүйгээ бодвол тэр нь үр өгөөжтэй санагдсан тул би Оюу Толгойн ажлыг сонгоогүй юм.


Туршлага 2.
Дараагийн түүх нь 2016 оны 11 сар. Тухайн үед ажиллаж байсан ажлын маань гэрээний хугацаа дуусах дөхөж байсан учраас удахгүй ажилгүй болохоо мэдэж байв. Энэ үед Азийн хөгжлийн банкинд (АХБ) Гадаад харилцаа хариуцсан ажилтан авах зар гарсан байв. Зарын тайлбар дээр цаасан анкетыг заавал АХБ-ны төв онлайн систем рүү орж бөглөх ёстой гэжээ. Цалингийн хувьд яг тэд гэж мэдээгүй ч АХБ, Дэлхийн банк зэрэг байгууллагууд тогтсон түвшингээр ангилдаг тул урьдаас баримжаа байв. Ямар ч байсан үзээд алдъя гээд онлайн анкетыг бөглөлөө. Тэр нь өнгөрсөн бүх амьдралынхаа тухай нилээн их мэдээлэл оруулах шаардлагатай, төвөгтэй ажиллагаа байв. Гэхдээ тухайн системд бүртгүүлээд, нэгэнт мэдээллээ оруулчихвал өөр ажлын оронтоо гарсан үед зөвхөн мэдээллээ шинэчлээд ажилд хандах боломжтой юм байна лээ. Ингээд 11 сард анкет бөглөөд хүлээв.
2017 оны 1 сард буюу сар хагасын дараа “Таныг дараагийн шатны ярилцлагад урьж байна” гэсэн имэйл ирлээ. Имэйлд хаана, хэдэн цагаас ярилцлага өгөхийг бичсэнээс гадна, “Ярилцлага хийсний дараа нэг цагийн шалгалт авна” гэсэн байв. Ярилцлага ч дүүрч, шалгалт авна гэхээр нь юугаа бэлдэхээ үнэхээр мэдсэнгүй. Монголын эдийн засаг, улс төр унших уу? Олон улсын мэдээ харах уу? Хөгжлийн зорилтууд цээжлэх үү? Тоо бодуулах юм болов уу? гээд л гайхаж орхисон. Интернэтээс хайсан чинь хэрэгтэй юм гарч ирэхгүй, харин бусад хүмүүсийн Манилад байдаг АХБ-ны төв оффист ажлын ярилцлагад орсон тухай мэдээлэл байв. Тэгээд ерөнхийдөө азаа үзэж, байгаа мэдлэгээ шалгахаар шийдээд юу ч бэлдээгүй орсон.
АХБ-ны оффис нь Улаанбаатарын хамгийн тансаг оффисуудын нэг байх. Талбайн урд талын ICC барилга дотор бүтэн хоёр давхрыг эзэлсэн, өрөөнүүд нь чип картаар онгойдог нарийн хамгаалалттай шилэн өрөөнүүд байв (өмнө нь ч ажлын шугамаар орж байсан л даа). Ярилцлагын эхний хэсэгт хөшиг нь хаалттай, шилэн цонхтой уулзалтын өрөөний гадаа хүлээ гэв. Миний өмнөх хүн гараагүй байлаа. Удалгүй тэр хүн дуусч, ярилцлагын өрөөнд ортол шинээр томилогдон ирсэн АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Ломмен ганцаараа сууж байв. Би уул нь хүний нөөцийн хүмүүс байх байх гэж бодтол байсангүй. Харин нөгөө тийш хартал Манилагаас хоёр гадаад хүн видео яриагаар холбогдон, ханан дээр суурилуулсан дэлгэцэн дээр гарч байв. Нэг нь АХБ-ны хүний нөөцөөс дундаж насны шар эрэгтэй, нөгөө нь харилцааны хэлтсийн залуувтар бор эмэгтэй байв. Эхлээд Ёланда хатагтай “Өөрийгөө танилцуулахгүй юу?” гэж асуув. Би өнгөрсөн хугацаанд ажилласан газрууд, сурч төгссөн сургуулиа сүүлээс нь жагсаан нэрлэлээ. Дараа нь өмнөх ажилдаа ямар үүрэг хариуцдаг байсан тухай асуув. Гурав дахь асуултыг дэлгэцэн дээрээс эрэгтэй асууж байна. “АХБ-ны олон нийтийн харилцааг хэрхэн сайжруулж болох вэ?” Удалгүй эмэгтэй “АХБ-ны тухай ямар нэгэн ташаа мэдээ гарвал олон нийтэд яаж зөвөөр ойлгуулах вэ?” гэсэн иймэрхүү асуултууд үргэлжилсээр ярилцлага өндөрлөв. Үүний дараа хоёр дахь хэсэг болох “шалгалт” байв.
АХБ-ны ажилтан эмэгтэй намайг өөр өрөөний гадаа суулгаж хүлээ гэв. Тэр өрөө рүү очих замд ямар хүмүүс ажилладгийг ажиглалаа. 15 минут суухад ихэнхдээ эмэгтэй хүмүүс нааш цааш явж харагдана. Өмнө нь надаа нэг ментор эгч маань Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэсэн тиймэрхүү газрууд залуу хүмүүсийг сорьсон, сонирхолтой орчин гэхээс илүү тэтгэвэртээ гарахаа хүлээсэн хөгшин эмэгтэйчүүд байдаг гэж хэлж байсан нь санаанд оров. Гэнэт нээрээ ч тийм юм шиг санагдлаа. Миний сууж байсан сандлын өөдөөс нэг жижиг оффист туслах ажилтан байрын эмэгтэй байна. Орж гарсан хүмүүс түүнд нилээн дээрэнгүй хандах нь илт, янз бүрийн юм л нэхээд байх шиг. Зайлуул сандраад хамаг хурдаараа л ажлаа хийж байгаа бололтой. Гар утсан дээрээ АХБ-ны тухай унших зуураа эргэн тойрноо ажиглаж суутал шалгалтын өрөө рүү орох болов.
Ингээд дараагийн даалгавар маань ирлээ. Гурван нүүр хэвлэсэн текст байна. Дээр нь АХБ-ны шинээр хэрэгжих төслийн талаарх мэдээлэл байна. Харин надад оногдсон даалгавар нь 45 минутын дотор тэр төслийн талаар хэвлэлийн мэдээг өгөгдсөн зөөврийн компьютер дээр нэг нүүрэнд багтааж бичих байв. Би ч 45 минутынхаа 30 шахуу минутыг төслөө уншиж өнгөрөөв. Тэр үед гэнэт TOEFL шалгалтын унших хэсэг санаанд орсон гэж. Сүүлийн 15 минутад өнөөх төслийн талаарх тоймыг нэг нүүр болгон бичлээ. Утсаа хэрэглэж болж байсан тул АХБ-ны хэвлэлийн мэдээ бичдэг форматыг харж байгаад л дөхүүлж буулгасан. 45 минутын дараа туслах эмэгтэй орж ирж цаг болсныг мэдэгдсэн боловч би дуусаагүй ахиад 5 минут сунгахыг хүслээ. Ингээд хам хум хийсэн юмаа өөрийн нэр дээр файл үүсгэн хадгалж үлдээгээд гарлаа. Тэнцсэн бол хоёр долоо хоногийн дараа хариу мэдэгдэнэ, баярлалаа, баяртай болов.
Гэртээ харьсны дараа яагаад Ёланда хатагтай өөрөө ярилцлага авсныг бодсон чинь миний ажиллахаар ярилцлага өгсөн албан тушаал яг Суурин төлөөлөгчийн шууд удирдлага доор ажиллах ажил байсныг гэнэт санав. Ярицлага хийснээс 7 хоногийн дараа гадаадын хаа газрын хүний нөөцийн бичдэг нийтлэг, бэлэн формат хариу болох “Таны мэдлэг туршлага арвин их байсан боловч энэ ажилд орох өрсөлдөөн их байсан тул та энэ удаад тэнцсэнгүй. АХБ-ны өөр ажилд өргөдлөө өгөөрэй” гэсэн имэйл ирсэн байв. Нэг талаар өөрийнхөө хэмжээг мэдсэн хэдий ч нөгөө талаар үнэхээрийн тэнд ажиллахыг хүссэн тэмүүлэл байгаагүй учир “Хариу мэдэгдсэнд баярлалаа” гэж хариу имэйл бичээд л өнгөрсөн. Сүүлд сонсоход миний тэр ярилцлага өгсөн албан тушаалд дотоодоосоо хүн томилсныг олж мэдэв.


Энэ нийтлэл нь зөвлөгөө биш харин Монголд албан байгууллагуудад ажилд ороход авдаг хүний нөөцийн ярилцлагын бодит туршлага, асуугдсан асуултууд, ажлын байр шийдэгдэх процессын талаар мэдээлэл нэгтгэх зорилготой юм. Ингэснээр бусад хүмүүс таны туршлагаас сургамж авч, сэтгэл санаа болон асуултанд хариулахад өөрийгөө сайн бэлдэж, тэр хэрээр ярилцлагадаа амжилт гаргах боломжтой болох болно гэж найдаж байна.

Тиймээс хэрэв уншигч та бусдыг ярилцлагадаа бэлдэхэд нь туслахыг хүсвэл өөрийн ажлын ярилцлагын туршлагаа хуваалцаж, дараах загварын дагуу доор коммент хэсэгт үлдээгээрэй.

Бичих загвар:
Өөрийн нэрийг бичих шаардлагагүй
1.    Албан байгууллагын нэр
2.  Анкет бөглөж өгсөн тухай, түүнээс хойш хэдий хугацаанд ярилцлагад дуудагдсан, ярилцлагын явц, орчин, ярилцлага авсан хүмүүс, асуугдсан асуулт
3.    Нууц биш бол цалингийн хэмжээ

COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Ажлын ярилцлагын туршлагаа хуваалцъя
Ажлын ярилцлагын туршлагаа хуваалцъя
https://2.bp.blogspot.com/-0wCZ5OqL65o/WspW1uY3ChI/AAAAAAAADE8/SWB0Y-VPxuoX7eWexKOEf2Lic1ppeYVsgCLcBGAs/s400/interview.png
https://2.bp.blogspot.com/-0wCZ5OqL65o/WspW1uY3ChI/AAAAAAAADE8/SWB0Y-VPxuoX7eWexKOEf2Lic1ppeYVsgCLcBGAs/s72-c/interview.png
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/2018/04/blog-post.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/2018/04/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy