feawfaewgae

Фулбрайт тэтгэлгийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?

--> Жил бүрийн хоёрдугаар сард АНУ-ын санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэг, дөрөвдүгээр сард Монголын санхүүжилттэй Фу...




-->

Жил бүрийн хоёрдугаар сард АНУ-ын санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэг, дөрөвдүгээр сард Монголын санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэг тус тус зарлагдаж хоёр сарын турш өргөдлийн материал авдаг байгаа. Энэ хугацаанд материалаа өгч, эхний шатанд тэнцсэн хүмүүс дараагийн шат болох ярилцлагад дуудагддаг. Ярилцлагад дуудагдах хүмүүсийн тоо жил бүр өргөдлийн материал өгсөн нийт хүмүүсийн тооноос хамаараад өөр өөр байх хэдий ч миний сонссоноор дунджаар 30-40 хүн дараагийн шатны ярилцлагад уригддаг. Хэрэв эдгээр азтай хүмүүсийн нэг нь та бөгөөд ярилцлагад хэрхэн яаж бэлдэхээ мэдэхгүй байвал дараах зөвлөгөөг хүргэе.

**Би өөрөө нэг удаа ярилцлага өгч, нэг удаа ярилцлага авах комисст оролцсон туршлагадаа тулгуурлан дараах зөвлөгөөг өгч байгаа гэдгийг ойлгоорой.

Ярилцлагад уригдах нь
  • АНУ-ын Элчин сайдын яамнаас (ЭСЯ) таныг албан ёсоор ярилцлагад урьж имэйлээр мэдэгдэнэ. Харин та энэ имэйлийг авсан цагаас эхлээд ярилцлагадаа бэлдэх хэрэгтэй. Ярилцлагад уригдана гэдэг нь тэтгэлэгт тэнцсэн гэсэн үг биш, гэхдээ магадлал 50/50 гэдгийг бодолцож байгаа бүхнээ дайчлах хэрэгтэй.
  • Ярилцлагад очих өдрөө цагийг маш чанд баримтлах хэрэгтэй. АНУ-ын ЭСЯ руу орох процесс нь өөрөө нэг улсын хил давахаас илүү удаан ажиллагаатай, нарийн хамгаалалттай байдаг тул оногдсон цагаасаа ядаж 30 минутын өмнө очоод уулзалтын өрөөнд хүлээж байхад гэмгүй. Ярилцлагадаа хоцорсон, ирээгүй хүмүүст ярилцлагын комисс таатай хандахгүй нь мэдээж бөгөөд зарим талаар оноонд нөлөөлж ч мэднэ.
  • Иймэрхүү албан ёсны нөхцөлд биеэ зөв авч явах нь чухал гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Гэсэн хэдий ч чөлөөт эсвэл зохимжгүй хувцасласан хүмүүс мэр сэр орж байхыг харсан. Мөн аль болох даруухан байвал зүгээр. Хэт нүүр амаа будах, гархи гоёл зүүгээд хэрэггүй. Судалгаагаар хүн анх хүнтэй танилцаад 6 секундын дотор тэр хүн ямар болох талаар төсөөлөл тархинд нь буудаг гэсэн байдаг. Тиймээс хэчнээн сайхан яриад, анхнаасаа онцгүй сэтгэгдэл түрүүлбэл бас оноонд сөргөөр нөлөөлөх талтай.
Ярилцлагын формат
  • Ярилцлагын өрөөнд ороход (ихэвчлэн) 6 хүн өрөөний хойморт, ширээ тойроод сууж байна. Эдгээр хүмүүс АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөл, өмнө нь Фулбрайтаар сурч байсан оюутны төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөл, заримдаа Монголын Боловсролын яамны төлөөлөл байдаг. Ажиглагчаар АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан сууж тэмдэглэл хийнэ. Ярилцлага тэр чигтээ англи хэлээр явагдана. Ярилцлагын өрөөнд ороод аль болох эдгээр хүмүүс рүү нэг нэгээр нь сайн харж аваад амьсгаагаа дарах хэрэгтэй. Мэдээж хүн бүр сандарна. Би хувьдаа анх орохдоо сандраад, тухайн үед байсан хүмүүсийг гадаад монголоор нь ялгахаас биш ямар ямар хүмүүс байсныг одоо болтол санадаггүй (сүүлд хэн хэн байсныг олж мэдсэн). Тиймээс энэ туршлагаас зөвлөхөд өрөөнд ороод ярилцлагын комиссын хүмүүсийг сайн харж аваад, танидаг хүнтэйгээ ярьж байгаа юм шиг тайван яривал илүү үр дүнтэй юм шиг санагдсан.
Ярилцлагын хугацаа
  • Ярилцлагын хугацаа нэг хүнд 15 минут байдаг. Энэ 15 минутанд 5-6 асуулт асууна. Цаг илүү гарвал өөрөөс чинь “асуух асуулт байна уу?” гэж нээлттэй орхидог. Энэ хугацааг бодохоор нэг асуултад ойролцоогоор 2.5 минут оногдож байгаа. Таны хувьд энэ 2.5 минутыг хамгийн үр дүнтэй ашиглах нь чухал. Миний анзаарснаар хүмүүс сандарсандаа хугацааны ямар ч баримжаагүй болж толгойд орсон бүхнээ ярьдаг, эсвэл балмагдаад бүр ямар ч хариулт толгойд нь орж ирдэггүй. Энэ хоёр хоёулаа буруу. Асуултад хариулах тактик ерөөсөө амархан: Асууж байгаад зүйлд л ТОВЧ, ТОДОРХОЙ, ОНОВЧТОЙ хариул. Жишээлбэл эхний асуулт “Та өөрийгөө танилцуулахгүй юу?” гэдэг. Хэрэв энэ эхний асуултыг хариулахдаа 6 минут зарцуулбал цаана нь 5 асуултад 9 минут үлдэж байна. Тэгэхээр бусад асуултуудад чинь хэрэгтэй хугацаа үлдэхгүй. 

Асуултууд
  • Асуултууд миний ойлгосноор ерөнхийдөө адилхан байдаг. Жил бүрийн асуултын сэдэв ойролцоо, тухайн жил ярилцлагад орж байгаа бүх хүнээс яг адилхан 5-6 асуулт асууна. Мэдээж ямар асуултууд ирдэг вэ? гэдэг л таны сонирхлыг татаж байгаа байх. Тэгвэл товчхондоо дараах сэдвээр ирэх бөгөөд хэрхэн оновчтой хариулж болох талаар зөвлөе:
o   “Та өөрийгөө танилцуулахгүй юу?” – Энэ маш энгийн юм шиг боловч бас нилээн төвөгтэй асуулт. Үүнд зарим нь “Намайг тэр гэдэг, би 26 настай. Тэнд ажилладаг” гээд л орхидог. Харин зарим нь бүхэл бүтэн эсээдээ бичсэн зүйлсээ тэр чигт нь уншаад хамаг амьдралаа ярьж цаг алддаг. Энэ хоёр хоёулаа оновчтой биш юм. Энэ асуултад аль болох өөрийгөө нээж, анкетан дээр бичээгүй талаас нь өөрийгөө танилцуулж, ямар хүн бэ гэдгээ ойлгуулахыг хичээх хэрэгтэй.
o   “Яагаад Америкт сурах хүсэлтэй байгаа вэ?” – Үүнд хариулах хүн бүрийн хариулт өөр байх. Хамгийн гол нь яагаад гэдгээ ул суурьтай тайлбарлаж, түүндээ бат итгэлтэй байх хэрэгтэй. “Яагаад гэвэл Америк явмаар байна”, “Яагаад гэвэл Америк хамгийн сайн сургуультай” гэвэл төдийлөн хангалтгүй юм.
o   “Манлайлал, нийгмийн идэвхийнхээ талаар ярьж, жишээ дурдахгүй юу?” – Энэ их хэцүү асуулт. Ялангуяа дөнгөж төгссөн залуу хүмүүс энэ тал дээр туршлага дутдаг. Монголд хүн бүр ажил, хичээлээс гадуур нийгмийн идэвхтэй байдаггүй тул зарим хүмүүс балмагддаг. Асуултанд хариулахдаа  таны туршлагад байж болох бүх л жишээг дурдах хэрэгтэй: ангийн дарга байсан, цусаа хандивласан, Туул голын эргээр хог цэвэрлэсэн, өөрөө ТББ байгуулсан, Ротарактын идэвхтэй гишүүн гэх мэт өөрийн хийсэн, баталж чадах жишээг ярьж болно. Харин та хэт их нийгмийн идэвхтэй бол олон ажлуудынхаа хамгийн чанартай хэдийг нь дурдсан нь зүгээр болов уу. Хамгийн гол нь эдгээр туршлагаа бодит түүх, жишээтэй ярьж, үр дүнд нь юу бий болгосныг яривал зүгээр. Хэрэв нийгмийн идэвх, оролцоо, манлайлал байхгүй бол тийм зүйл хийгээгүй гээд үнэнээ хэлэх хэрэгтэй. Комисс ядаж шударга байдлыг чинь үнэлэх болно.
o   “Ирээдүйд таны зорилго юу вэ? Буцаж ирээд юу хийх вэ?” – Яг үнэндээ явж байгаа ихэнх хүмүүс ирээд юу хийхээ мэдэхгүй л явдаг. Тэрийг та ч мэдэж байгаа, комисс ч мэдэж байгаа. Гэхдээ л аль болох зохиогоод ч хамаагүй “мөрөөдлөө” нүдэнд нь харагдтал ярих хэрэгтэй. Фулбрайтаар явсан хүмүүс эх орондоо буцаж ирээд 2-5 ажиллаж хувь нэмрээ оруулах ёстой байдаг учир тэндээ үлдэх талаар цухуйлгаж, мөрөөдөөд ч хэрэггүй. Харин зөв хариулт бол буцаж ирээд сурсан мэдсэнээ хэрхэн бусдад түгээж хуваалцах, юуг өөрчлөх, хоёр жилийн хугацаанд Америкаас олж авсан тэр туршлагын хэргийг яаж гаргах талаар ярих нь зүйтэй. Энэ нь таны суралцах гэж буй мэргэжлийн дагуу, Монголд хэрэгтэй ямар ч ажил хэрэг байж болох ба хамгийн гол нь та энэндээ бат итгэлтэй л байх ёстой.
o   “Яагаад энэ чиглэлээр/мэргэжлээр сурмаар байгаа вэ?” – Энэ бол цэвэр хувь хүний сонирхлын болоод зорилготой холбоотой асуулт. Энэ асуултыг дагаад яагаад энэ сургуулиудыг сонгосон бэ ч гэж асууж магадгүй. Үүнд хариулахын тулд та өөрөө өөрийнхөө зорилгыг мэдэж байх ёстой. Зүгээр л явмаар байгаа болохоороо хаа хамаагүй 3 сургууль сонгосон байж болохгүй. Эдгээр сургуулиудынхаа байршил, хөтөлбөр, шаардлага, хичээл заах багш нар зэрэг мэдээлэлтэй танилцаж, яагаад өөрт чинь давуу болоод хэрэгтэй санагдсаныг батлах нь чухал. Энэ асуултад хэрхэн хариулахаас чинь өөртөө хэр итгэлтэй байгааг тодорхойлж болно.
o      Өөр бусад ямар ч асуулт нэмэгдээд ирж болно. Үүнд яаралгүй сайн бодож хариулахад болно. Харин юу гэхээ мэдэхгүй байгаа бол худлаа ярьж болохгүй, мэдэхгүй гээд үнэнээ хэлэх хэрэгтэй.

Бусад зөвлөгөө
  • Нэгэнт ямар асуултууд ирж болзошгүй талаар одоо мэдэж авсан тул эдгээрт хэрхэн хариулахаа бодоод, сайн бэлдэх хэрэгтэй. Хэрэв англиар ярихдаа тааруу бол хариултаа бэлдчихээд цээжлээд ч хамаагүй орох хэрэгтэй. Тольны өмнө өөртэйгөө ярь. Дараа нь найзыгаа, ээж аавыгаа урдаа суулгаж байгаад ярилцлага өгөөд үз. Өөрийгөө болсон гэж үзтэлээ бэлд!
  • Бусдаас ялгарахыг хичээ. Өөртэй чинь өрсөлдөж байгаа 30-40 хүнээс чи юугаараа онцлог вэ? Комисс чамайг нэрийг чинь санахгүй ч тэгэж хариулсан хүн гэж дараа нь ярихуйц сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй.
  • Асууж байгаа асуултыг сайн сонс. Дээрх асуултууд өөрчлөгдөөд, эсвэл өөр хэлбэрээр асуугдаж магадгүй. Тиймээс юу гэж асууж байгааг сайн сонсоод, хэрэв ойлгоогүй бол санаа зоволтгүй дахиж давтахыг хүсэх хэрэгтэй.
  • Өргөдлийн материал, анкетан дээр бөглөсөн бүх зүйлээ өөрөө сайн мэдэж байх хэрэгтэй. Өөр хүнээр бичүүлж бөглүүлсэн бол сорри, ярилцлагын явцад тэр чинь аяндаа мэдэгдэнэ. Мөн ярилцлагаас өмнө өөрөө өөртэйгөө өөрийнхөө тухай сайн ярилц. Би яагаад сурмаар байгаа билээ? Өнгөрсөн хугацаанд юу сурч мэдсэн билээ? Америкийг яагаад сонгож байгаа билээ? Фулбрайтын талаар юу мэддэг билээ? Ирээд яах билээ? гэх мэт асуултуудад өөрөө хариулаад хариултдаа хэр сэтгэл хангалуун байгаагаа шалга. Хэрэв өөрт чинь хариулт нь таалагдахгүй, үнэмшилгүй байвал тэр зүйлсээ засаж сайжруул.
Энэ нийтлэлийг аль болох товч бичье гэж бодсон боловч 4 нүүр болоод явчихлаа. Би өөрөө анх ярилцлагад ороход юу ирэхийг төсөөлж байгаагүй. Гэхдээ тухайн үед өмнө нь ярилцлагад орж байсан хүнтэй уулзаж баримжаа авсан нь их хэрэг болсон. Тиймээс миний сэтгэл гаргаж бичсэн мэдээлэл боловсролоо ахиулж, ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа танд жоохон ч болов тус болно гэдэгт итгэж байна. Амжилт хүсье!

(Тайлбар: Ярилцлагын асуулт дээрхээс гадна, өөр сэдвээр ч ирж болзошгүй бөгөөд миний зөвлөгөө ерөнхий мэдээлэл өгч байгаа гэдгийг анхаараарай. Тэрнээс яг эдгээр асуулт ирнэ гэсэн үг биш шүү!)



COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Фулбрайт тэтгэлгийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?
Фулбрайт тэтгэлгийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?
https://3.bp.blogspot.com/-ulYoEpB151k/WrZwD4gHzgI/AAAAAAAADC8/K-BLS17KzUgjFa3R432lK9EaMYOJdONsACLcBGAs/s400/blog.jpg
https://3.bp.blogspot.com/-ulYoEpB151k/WrZwD4gHzgI/AAAAAAAADC8/K-BLS17KzUgjFa3R432lK9EaMYOJdONsACLcBGAs/s72-c/blog.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/2018/03/blog-post.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/2018/03/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy