feawfaewgae

Монгол Улсын Өрх Толгойлсон Эмэгтэйчүүд ба Тэдний Эрх Ашиг

" Дэлхий дээр хөндөгдөөгүй хамгийн том авъяасын сан бол эмэгтэйчүүд"~ Хиллари Клинтон Удахгүй болох Олон Улсын Эмэгтэйчүү...




"Дэлхий дээр хөндөгдөөгүй хамгийн том авъяасын сан бол эмэгтэйчүүд"~ Хиллари Клинтон

Удахгүй болох Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын бүх өрх толгойлсон эмэгтэйчүүд болон тэдний эрх ашгийн талаар хийсэн товчхон судалгаа, мөн өөрийн санаа бодлоо хуваалцаж байна.

Жил бүр Монголчууд маань Мартын 8, эмэгтэйчүүдийн баяр гээд идэж ууж, эр эмгүй наргиж цэнгэдэг. Гэхдээ энэ өдөр баяр гэхээсээ илүү “эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” байх ёстой. Мөнгөтэй хүмүүсийн хувьд энэ өдөр бэлэг цэцэг, наргиан цэнгээн, идээ ундаа, шоудалт болдог. Харин мөнгөгүй эмэгтэйчүүдийн хувьд жирийн нэг өдөр. Энэ утгаараа ядаж жилдээ ганц удаа эмэгтэйчүүдийнхээ төлөө дорвитой, олонд хүртээлтэй юм хийж байгаасай гэж би хувьдаа хүсдэг.


Энэ сэдвийг хөндөх болсон гол шалтгаан нь сүүлийн үед миний эргэн тойронд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэж байгааг сонсож, харж суугаа надад эмзэглэх сэтгэл төрөхгүй байхын аргагүй. Миний эргэн тойронд өрх толгойлсон эмэгтэй найз нөхөд, багш нар, хамаатан садан төрөл төрөгсөд гээд нас насны өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. Эрэгтэй найзууд маань эхнэрээсээ салах үед бас цаана нь нэг нэг өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдэж байгаа.

Тэгэхээр өрх толгойлсон эмэгтэй, өрх толгойлсон эх гэдэг тодорхойлолтоос эхлье. "Өрх толгойлсон эх гэдэг нь нөхөр, гэр бүлийн хүнтэйгээ хамт амьдардаггүй, хүүхдээ (эсвэл хүүхдүүдээ) өсгөж, тэжээж, хүмүүжүүлэх, өдөр тутмын хариуцлагатай ээж хүнийг хэлнэ".

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд нийт 81.2 мянган өрх толгойлсон эмэгтэй  (цаашид ӨТЭ гээд явъя) байгаагийн 23.8 мянга нь УБ хотод байдаг гэсэн тоо Нийслэлийн Статистикийн Газраас гаргасан байна. Хүн амын тоог хамгийн сүүлийн тоогоор 2.9 сая гэж авч үзээд, эмэгтэйчүүд хүн амын 50.1% гэж тооцвол ойролцоогоор 18 эмэгтэй тутмын нэг нь ӨТЭ гэсэн үг (насанд хүрээгүй эмэгтэй хүүхдүүдийг хүртэл оруулад шүү). Эдгээр эмэгтэйчүүдийн гар дээр 350 мянга гаруй хүүхдүүд өсч хүмүүжиж байна. Мөн ӨТЭ-ийн 60% нь ажилгүй, ядуу гэр бүлүүд байдаг ажээ. 

Энэ тоог өмнөх жилүүдийн тоонуудтай харьцуулбал, жил ирэх тусам өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байгааг дараах хүснэгтээс харж болно:

*Ниислэлийн Статистикийн Газрын цахим хуудаснаас

Өсөлтийг илүү бодьтойгоор харахын тулд графаар үзүүлбэл:


Үүнээс 16 хүртэлх насны хүүхэдтэй, гэр бүлгүй эмэгтэйчүүд гэхэд л УБ хотын хэмжээнд 13.5 мянга байна. Гэтэл энэ хүмүүс чинь хүүхэд өсгөх битгий хэл өөрсдөө хүүхдээрээ яваа хүмүүс байж таараа. 



ӨТЭ-үүдийг илүү ойлгуулахын тулд жишээ авч тайлбарлая:

ӨТЭ-1: Өрх толгойлсон, дөрвөн хүүхэдтэй, өөрийн гэсэн гэр оронгүй эмэгтэй. 2001 онд хөдөөнөөс нүүж ирсэн. Айлын гурван ханатай гэрт, айлын хашаанд амьдарч байна. Том хүүхдүүд нь ажилгүй, Нөхөр нь хаяж явснаас хойш айлын хашаанд толгой хорогдож, арай ядаж амь зууж байна. Тохирох ажил олддоггүйгээс сургуулийн багш, ажилчдад бууз, цай зарж хоногийнхоо хоолны мөнгийг аргацаадаг.

ӨТЭ-2: Аравдугаар ангиа төгсөж жирэмслээд, нөхөргүй, аав эгч хоёртойгоо амьдардаг. Аав нь хүүхдийг нь харж, өсгөлцдөг. Өөрөө их сургуулийн оюутан. Аав нь таксинд явж талхны мөнгө олж хүүхдүүдээ тэжээхийн хажуугаар, ажлаа дуусаад охиныхоо хүүхдийг хардаг. (Өрх толгойлсон аавын өрх толгойлсон охин).

ӨТЭ-3: Гурван хүүхдийн эх, өрх толгойлсон эмэгтэй. Хөдөө амьдардаг байж байгаад малаа зуданд алдаж, нөхөр нь өөр хүнтэй болж хаяж явснаар амь зуухын эрхэнд хотруу нүүж ирсэн. Хоёр охиныхоо хамтаар шатны хонгилд амьдарч, хөдөлмөрийн доод хэмжээ 140 мянган төгрөгөөр амь залгуулдаг. 

ӨТЭ-4: Нөхрөөсөө салсан. Боловсролтой, өрх толгойлсон эмэгтэй. Охин нь 11 дүгээр анги, хүү нь их сургуулийн 3-р курс. Өөрөө УБ хотод төрийн албанд ажиллаж сарын дундаж цалингаар хүү охин хоёроо тэжээж, сургалтын төлбөр, бусад зардлыг төлдөг. 


За ингээд уншигч таны толгойд өрх толгойлсон эмэгтэй гэж хэн болох, тэд Монгол улсын хэмжээнд хэр их байдаг талаар дүр зураг буулаа. (Монголоос гадна гадаадад хэчнээн эмэгтэй хүүхдээ өсгөн ажиллаж байгаа талаар мэдээлэл олдсонгүй). 



Тэгэхээр эмэгтэй хүн ганцаараа гэр бүлээ тэжээж, хүүхдүүдээ өсгөх болсон олон шалтгаан байгаа. Түүний хамгийн үндсэн шалтгаан нь гэр бүл салалт, удаах шалтгаан нь хань ижил нь нас нөгчих. Тиймээс зөвхөн УБ хотын хэмжээнд гэр бүл салалтын тоог аваад үзье (шар шугам):




 Тоогоор харуулбал:


Үүнээс харвал жил ирэх тутам гэр бүл салалтын тоо нэмэгдсээр байна. Хүн судлаачдын зүгээс харж үзвэл, энэ тоо зөвхөн Монгол төдийгүй дэлхий даяар өсч байдаг тоо гэж маргаж магад. Гэхдээ манай монгол шиг цөөн хүн амтай улсад энэ бол эмгэнэл. 

Цаашлаад би гэр бүл яагаад салдаг, салалтын үр дагавар, салалтын дараах хүүхдийн хүмүүжил, салалтыг яаж даван туулах гээд ярьвал сэдэв тус бүрээр нийтлэл бичих хэрэг гарах тул эдгээр асуудлыг түр орхиё. 

Миний бичих гол сэдэв бол эмэгтэй хүн хүүхэдтэй гэр бүлтэй байж байгаад, нөхрөөсөө салах (эсвэл нөхөр нь нас барах) тэр тохиолдолд Монгол улсын зүгээс ямар тусламж үзүүлж, төр засгаас дэмжиж, эмэгтэйчүүд болон төрийн бус байгууллагууд ямар төсөл санаачилж дэмжлэг үзүүлж байна вэ гэдэг. 

За тэгвэл, гэр бүл салалтын хуулиас эхлье. Эхнэр нөхөр хоёр салах боллоо. Гэр бүл салалтыг Монгол Улсын Гэр Бүлийн Хуулийн 2-р бүлэгт ингэж заасан байдаг:

12 дугаар зүйл. Гэрлэлт цуцлах журам
12.1. Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцална.
12.2. Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.
12.3. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтлана.
13 дугаар зүйл. Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах
13.1. Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана.
13.2. Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 1З.1-д заасан хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болно.
14 дүгээр зүйл. Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах
14.1. Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.2. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.З. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.
14.4. Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.
14.5. Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.6. Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
14.7. Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.
14.8. Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
14.9. Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна.
14.10. Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харшлахгүй бол гэрлэлт цуцлуулсныг хүчинтэйд тооцно.
14.11. Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ Монгол Улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулж болно.
Товчилж хэлбэл, эхнэр нөхөр хоёр хүүхэдгүй бол бичиг баримтаа дүүргийн шүүх дээрээ өгөөд захиргааны аргаар шийдүүлнэ. Хүүхэдтэй бол шүүхийн аргаар, дээрх хуулийн дагуу, шаардлагатай материалыг бүрдүүлж өгөөд салалтыг шийдэх үйл явц эхэлнэ. 

Энэ хуульнаас ӨТЭ-чүүдэд хамгийн хамааралтай нь салсан нөхрөөс хүүхдийн тэтгэмж авах, түүний хэмжээг тогтоолгох байдаг. Гэтэл манай Монгол улсад энэ хууль төдийлөн хэрэгждэггүй. 

40 дүгээр зүйл. Тэтгэлгийн хэмжээ
40.1. Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:
40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.
40.2. Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
40.3. Энэ хуулийн 40.2-т заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын жагсаалтыг Засгийн газар тогтооно.
40.1 зүйлээс харахад 11 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүл салахад амжиргааны доод түвшингийн 50%-тай дүйцэх тэтгэмж сар бүр өгнө гэж байгаа. Өнөөдөр Монголд бүс нутгаас хамаараад амжиргааны доод түвшин 130-150 мянган төгрөг. Энэний тал хувь гэхээр 65-75 мянган төгрөг гэсэн үг. Амжиргааны энгийн нэг барааны үнэтэй харьцуулж үзье гэвэл өнөөдөр нэг уут живх 45000 төгрөг гэж бодъё. Гэтэл 1 настай хүүхэдтэй ээж сарын 65 мянган төгрөгөөр хэдэн живх авах вэ? Ажил хийдэггүй бол энэ эмэгтэйн хувьд 65 мянган төгрөгийг яаж хүргэх вэ? Орчин цагт нялх хүүхэдтэй гэр бүлүүд энэ тооны харьцааг сайн ойлгох байх. 

За яахав, тэтгэлгийн хуулинд заасан хэмжээ ийм байдаг юм байж. Гэтэл энэ тэтгэмжээ олон таван нэхэл болголгүйхэн шиг сар тутам өгөөд байдаг аав нар манай монголд хэр олон байгаа вэ? Энэ хуулийг бодит байдал дээр хэрэгжүүлэх агентлаг нь ер нь хэн юм болоо? Тэтгэмжээ өгөхгүй байгаа аавыг улсын ямар байгууллага хүчилж, ямар арга барилаар тэтгэмжийг нь төлүүлэх юм болоо?

Уул нь хуулиндаа ингэж заасан байгаа: 
45 дугаар зүйл. Тэжээн тэтгэх тухай гэрээ
45.1. Талууд тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
45.2. Тэжээн тэтгэх тухай гэрээг сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд тэдний хэн нэгний хүсэлтээр шүүгч захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.
45.3. Тэжээн тэтгэх тухай гэрээний дагуу тогтоох тэтгэлгийн хэмжээ нь энэ хуулийн 40.4-т заасан хэмжээнээс багагүй байна.
45.4. Тэжээн тэтгэх тухай гэрээний дагуу тогтоох тэтгэлгийн хэлбэр, хугацаа нь энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасантай адил байна.
45.5. Тэтгэлгийг эд хөрөнгөөр олгохоор талууд харилцан тохиролцсон бол эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ.
45.6.Тэжээн тэтгэх тухай гэрээг талууд эвлэрүүлэн зуучлалын журмаар байгуулж болно.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
Гэтэл сарын 65000 төгрөг авч байгаа ээжид шүүх, бичиг баримт гээд яваад байх цаг, мөнгө байх уу? Зарим гэр хорооллын ядуу буурай ээж нар ийм эрх байдгийг ч мэдэхгүй яваа. 

Тэгэхээр эмэгтэйчүүд нөхрөөсөө салах тэр үед хуулийнхаа дагуу эрхээ эдэлж,
1) Амьдрал холбосноос хойших бүх эд хөрөнгийн талыг авах эрхтэй
2) Салах үедээ шүүхээр хүүхдийн тэтгэлгийг тогтоож гэрээ байгуулах
3) Тэтгэлгээ өгөхгүй байгаа аав нарыг шүүхдэж заргалдах
гэсэн ийм үндсэн дүгнэлтэнд хүрч байна. Энэ хуулийн заалт миний хувьд амьдрал дээр бодит биелэлээ олоход хэцүү санагддаг. Миний мэдэх ӨТЭ нар дунд салсан нөхрөөсөө тэтгэмж авч чаддаг ээж нарыг би лав мэдэхгүй.

Угаасаа МУ-ын гэр бүл салалтын хууль нь бодит амьдрал дээр асуудалтай гэдгийг Монголын олон ӨТЭ-чүүд мэдэж байгаа. Үүнийг засгийн газар ч ухаарч Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм байна. Харин энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд "төрөөс гэр бүл, хүүхэд, өрх толгойлсон эхчүүдийн эрх ашгийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг сайжруулах талаар тусгасан" гэсэн байгаа боловч өнөөдрийн байдлаар энэ хуулийн өөрчлөлт батлагдаагүй байгаа бололтой...  

За овсгоотой хэдэн ээж нар ингээд хэл ам болж хэдэн төгрөг авдаг юм байж. Гэтэл эр нөхөр нь нас барсан, салсан нөхөр нь хаана ч явааг мэдэхгүй байгаа ӨТЭ нарт юу оногдож байна вэ?

Одоогийн байдлаар улсын зүгээс ӨТЭ нарт зориулсан төсөл, хөтөлбөр байдаггүй байна. Сүүлийн үед нам, ТББ-ууд энэ тал дээр анхаарах болсон хэдий ч дорвитой үйл ажиллагаа хараахан биелэлээ олоогүй байна. 

Харин тэтгэвэр тэтгэмжийн хувьд нийгмийн халамжийг дараах байдлаар олгож байна: 

ТЭТГЭВЭР
Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх /50 насанд хүрсэн эцэг/-ийн халамжийн тэтгэвэр авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө:
  •  тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  •  2 хувь цээж зураг;
  •  иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  •  0-16 хүртэлх насны хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  •  өрх толгойлсон эх (эцэг) болохыг тогтоосон Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр.
Дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь өрх толгойлсон эх (эцэг)-ийг халамжийн тэтгэвэрт хамруулах эсэх тухай Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг хянан үзэж ажлын 20 хоногийн дотор хувийн хэрэг нээж, тэтгэврийн дэвтэр олгоно.
Өрх толгойлсон эх (эцэг) нийгмийн халамжийн тэтгэвэр 70000 төгрөгийг банкнаас сар бүрийн 10-наас хойш тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

2. АМЬЖИРГААГ ДЭМЖИХ НӨХЦӨЛТ МӨНГӨН ТУСЛАМЖ (жилд 60000)
Гурав ба түүнээс дээш тооны бага насны (14 хүртэлх насны) хүүхэдтэй өрх толгойлсон эх (эцэг) жилд нэг удаа 60000 төгрөгийн мөнгөн тусламж авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлж хорооны нийгмийн ажилтанд өгнө:
  •  тусламж авахыг хүссэн өрх толгойлсон эх (эцэг)-ийн өргөдөл;
  •  эхнэр (нөхөр)-ийн нас барсны гэрчилгээ;
  •  өрх толгойлсон эх (эцэг)-ийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  •  2 хувь цээж зураг;• хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай баг (өрх)-ийн эмчийн тодорхойлолт;
  •  хүүхэд тус бүрийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  •  хорооны Засаг даргын тодорхойлолт.
Дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь өрх толгойлсон эх (эцэг)-ийг тусламжид хамруулах эсэх тухай Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг хянан үзэж, ажлын 20 хоногийн дотор хувийн хэрэг нээж, тусламжийн дэвтэр олгоно.
Өрх толгойлсон эх (эцэг) тусламжийн 60000 төгрөгийг банкнаас сарын 10-наас хойш тусламжийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

Хэрэв энэ талаар сонсож байгаагүй бол бусдадтай хуваалцахад илүүдэхгүй байх. Мөн шинэхэн төрсөн болон жирэмсэн ээж нар дараах тэтгэмж авах эрхтэй:

ТЭТГЭМЖ
Жирэмсэн болон нярай,хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж(сар бүр 32500)
Эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 32500 төгрөгийн тэтгэмжийг 12 сарын турш авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад өгнө:
  • тэтгэмж авахыг хүссэн өргөдөл;
  • 2 хувь цээж зураг;
  • хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • иргэний үнэмлэх хуулбарын хамт;
  • жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай хорооны өрхийн эмчийн тодорхойлолт;
  • Монгол Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан орны Монгол Улсад байнга оршин суугч иргэн бол байнга оршин суугчийн үнэмлэх, хуулбарын хамт.
Дүүргийн халамж үйлчилгээний байгууллага нь ажлын 10 хоногийн дотор хувийн хэрэг нээж, тэтгэмжийн дэвтэр олгоно.
Эх 32500 төгрөгийн тэтгэмжийг банкнаас сар бүрийн 10-наас хойш тэтгэмжийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

Саяхан МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим хамтран МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүүхэд Харах Үйлчилгээний тухай Хууль"- ийн төслийг хэлэлцэж цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүдийг шинээр барих асуудлыг хуулинд санал оруулж байгаа талаар таатай мэдээ оллоо. Энэ нь бага насны хүүхдүүдийг харах хүнгүйгээс хөдөлмөх эрхэлж чадахгүй байгаа 94500 эцэг эхүүдийг хөдөлмөр эрхлэх боломж олгож өрхийн хөгжлийг дэмжих зорилготой юм байна. Энэ маань хэзээ, хэрхэн биелэлээ олж эхлэхийг мэдэхгүй ч, хүүхдээ цэцэрлэгт өгөх боломжгүй учраас ажил эрхэлж чаддаггүй ээж нарын амьдралд ихээхэн хувь нэмэр оруулах болов уу гэж горьдож байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Хэрэв уншигч та гэр бүлээсээ салах гэж байгаа, салсан бөгөөд олон төрлийн зөвлөгөө хэрэгтэй бол дараах холбоос гэр бүлтэй холбоотой олон асуултанд хариулсан байсан:

Одоогоор УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул өөрийн сангаас янз бүрийн арга хэмжээ зохиож ӨТЭ-чүүдийн төлөө хүч чадлаа дайчилдаг гэснээс өөр ТББ-гуудын хийж байгаа дорвитой мэдээлэл олдсонгүй. Тийм мэдээ олдвол намайг зэмлэлгүй бусдадтайгаа хуваалцана биз ээ.

Нэг үеэ бодвол Монгол улс маань энэ тал дээр анхаарал нэмэгдэж байгаа хэдий ч ӨТЭ-ийн өсч байгаа хурдыг гүйцэж бодьтой арга хэмжээ авч чадахгүй байна. Мэдээж эмэгтэйчүүд хамгийн түрүүнд өөрсдийгөө хамгаалж, гэр бүл болохгүй хүмүүстэй бэлгийн харьцаанд орохгүй байх, бэлгийн харьцаанд орох үед өөрсдийгөө хамгаалах, хүүхэдтэй болох үедээ өөрийгөө болон төрөх хүүхдээ цаашид эр хүний тусламжгүйгээр авч явж чадах эсэхээ тооцоолох гэх мэтээр урьдчилан сэргийлж болно. Харин аль хэдийнэ гэр бүл салж, өрх толгойлж ганцаараа хүүхдүүдээ тэжээж байгаа бол аль болох бусдаас тусламж авч, төр засгаас олгож байгаа тэтгэмжээс хүртэхийг хичээхээс өөр олон сонголт байхгүй байгаа бололтой. 

Ингээд олон юм нуршсаны эцэст миний хүрэх гээд байгаа дүгнэлт бол:
  • Монгол Улсын Гэр Бүлийн Хуулинд цоорхой байна. Энэ нь ӨТЭ нарт эерэгээр үйлчилж чадахгүй байна. Хүүхдийн тэтгэлгийн мөнгийг амжиргааны доод түвшин гэхээсээ илүүтэйгээр салсан нөхрийн цалингийн тодорхой хувь хэмжээг ноогдох хүүхдийн тоотой дүйцүүлж тооцвол илүү бодьтой тоо гарна (социализмын үед уул нь ингэдэг байсан гэлтэй). Мөн энэ хуулийн хэрэгжилтэнд илүү анхаарал тавьбал гэр бүл салалт багасах магадлалтай, эрчүүд ч бас эцэг хүний үүргийг илүү ухамсарлахад хүргэнэ гэж бодож байна.
  • 2012 онд УИХ 10 эмэгтэй гишүүнтэй болсон хэдий ч ӨТЭ-чүүдийн тал дээр ямар нэгэн төсөл санаачилж, арга хэмжээ аваагүй байгаа нь бас харамсалтай. Уул нь тэдний дунд өрх толгойлсон, толгойлж байсан эмэгтэйчүүд хэд хэд бий л юмсан.
  • Одоогийн байгаа Нийслэлийн Нийгмийн Хангамж, Үйлчилгээний Газраас олгож байгаа ӨТЭ нарт зориулсан тэтгэвэрийн хэмжээ арай л гомдмоор хэмжээ юм. Засгийн Газар маань яагаад оюутан залууст архи тамхи авах 70000-ыг сар тутам олон таван асуудалгүй өгч болж байж Монголын ирээдүйг өсгөж суугаа ээж нарт жилийн 60000 төгрөг гар татан, бөөн бичиг сэлт болж арайхийн өгч байна вэ? Арга ядсан эмэгтэйчүүд үүнийг нь эсэргүүцэж чадахгүй эвлэрч амьдрахаас өөр аргагүй дээ л байдаг байх.
  • Монгол улсын нийгмийн амжиргааны байдал, тэр дундаа хүйсийн тэгш эрхийн талаар Дэлхийн Банк, Азийн Сан, НҮБ-ын Хүний Хөгжлийн Сан гэх мэт олон улсын байгууллагууд л "хүний төлөө гүйж байгаа" юм шиг судалгаа хийж, зөвлөмж боловсруулдаг. Тухайлбал: http://www-wds.worldbank.org/external/default/WDSContentServer/WDSP/IB/2013/05/10/000442464_20130510120154/Rendered/PDF/775110WP0Box3700scale0mining0sector.pdf. Гэтэл энэ зөвлөмжин дээр дөрөөллөөд хэрэгжиж байгаа арга хэмжээ хаагуур байдаг юм бол доо.
  • Өнөөдөр төрийн бус байгууллагууд ӨТЭ-чүүдэд хувцас, идэх юм тараах жижиг хэмжээний төслүүд хэрэгжиж байгаа байх. Гэхдээ уул нь бэлэн юм тараахаас илүүтэйгүүр эмэгтэйчүүдийн ажлын ур чадавхийг дээшлүүлэх, хэл сургах, өөрсдөнд нь байгаа нөөц бололцоог ашиглаж хооронд нь бүлгэм хэлбэрээр бие биедээ туслах зэргийн өргөн хүрээний төслүүд хэрэгжүүлбэл алсдаа энэ нь олон эмэгтэйд буян болох юм болов уу гэж бодох юм. 
  • Аливаа улсын гэр бүлүүд нь бат бэх байж байж улс орон нь бат бэх, хөгжиж дэвшинэ. Хүүхэд бүр бүтэн хайраар өлгийдүүлж, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд өсөх эрхтэй. Гэтэл эцэг эхийн аль нэгнийх нь хайр дутсан хүүхэд тодорхой хэмжээнд сэтгэл санаа нь бусад хүүхдүүдээс ялгаатай л байдаг байж таараа. Наад захын бүтэн хайр, эцэг хүний хүмүүжил мэдрэхгүй, цаашилбал сэтгэцийн гажиг болон бусад олон янзын үр дагаварт хүргэнэ. Ингээд энэ байдал ихэдвэл монгол улсад ч аюултай тул улсаасаа жоохон бодлогын чанартай арга хэмжээ авах хэрэгтэй юм шиг санагддаг.
...гэх мэт хийж болох юм их байна даа. Ингээд би энэ пост оо өөдрөг аястай төгсгөх үүднээс өрх толгойлсон ээжтэй байсан алдартнуудаас толилуулъя...

Энэ дэлхийн ээж нар мандтугай!


Halle Berry, ээжтэйгээ. (Аав нь 4 настай байхад нь орхиж явсан)
Bill Clinton, ээжтэйгээ (Төрөхөөс нь 3 сарын өмнө аав нь нас барсан)
Demi Moore, ээжтэйгээ

Barack Obama, ээжтэйгээ (Аавтайгаа амьдралдаа ганцхан удаа уулзаж байсан)
Jay-Z, ээжтэйгээ (Аав нь орхиж явсан)
Jodie Foster, ээжтэйгээ (Төрөхөөс нь өмнө аав ээж хоёр нь салсан)
Julia Roberts, ээжтэйгээ (Аав нь 10 настайд нь нас барсан)
Kanye West, ээжтэйгээ (3 настайд нь аав нь орхиж явсан)
Marilyn Monroe, ээжтэйгээ (Аавгүй өссөн)
Oprah Winfrey, ээжтэйгээ
Orlando Bloom, ээжтэйгээ (аав нь 4 настайд нь нас барсан)
Tom Cruise, ээжтэйгээ (Түүний 3 ах дүүг ээж нь өсгөсөн)
Charlize Theron, ээжтэйгээ (Аав нь зоддог, архичин байсан ба ээж нь аавыг нь алахад хүрсэн)

COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Монгол Улсын Өрх Толгойлсон Эмэгтэйчүүд ба Тэдний Эрх Ашиг
Монгол Улсын Өрх Толгойлсон Эмэгтэйчүүд ба Тэдний Эрх Ашиг
http://2.bp.blogspot.com/-xoL8fRaUM-s/UxFYzMLZEmI/AAAAAAAAA_0/ruYwz5NZB28/s1600/clinton.jpg
http://2.bp.blogspot.com/-xoL8fRaUM-s/UxFYzMLZEmI/AAAAAAAAA_0/ruYwz5NZB28/s72-c/clinton.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongi.com/2014/02/blog-post.html
http://www.khongi.com/
http://www.khongi.com/
http://www.khongi.com/2014/02/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy